МАНЖУУР
МАНЖУУР ХОТ
Манжуур хот нь БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн баруун хойд хэсэгт Хөлөнбуйрын тал нутагт оршино. Тус аймаг нь хойд талаараа ОХУ-тай 54 км хиллэдэг. Түүхийн цаг хугацаанд энэ хот буй газарт хүннү, дунху, кидан, сяньби, монгол гэх мэт янз бүрийн үндэстэн овог аймаг амьдарч байжээ. Манж Чин гүрний үед Аргун голоор тусгаарлагдаж Орос Хятадын хилийн зааг дахь суурин газар болжээ. 1901 онд Орос – Хятадын хэлэлцээрийн дагуу төмөр зам барьснаар Сибирь, Алс дорнодыг холбосон Манжуур хэмээх өртөө газар байгуулагдаж үндэс суурь нь тавигджээ. 1909 онд Хятадын Хуйлунзян мужийн Лубинь гацаа, 1932 онд япончуудын байгуулсан Манж-Го улсын нутаг дэвсгэр байсан бол 1941 онд Синянь мужид харъяалагдсан Манжуур хот болжээ. 1949 онд БНХАУ байгуулагдсанаар Манжуур нь ӨМӨЗО-ны Хун аймгийн бүрэлдэхүүнд багтжээ. 1992 онд Манжуурыг худалдааны нээлттэй бүс болгон зарлаж, 1997 он хүртэл бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэнд нь Хятадын Засгийн газраас 2 тэрбум доллар зарцуулсан байна.